Орос улсын зохиолч, сэтгүүлч Дмитрий Глуховский-н бичсэн "Metro 2033" хэмээх романаас сэдэвлэн бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлт, аймшгийн төрлийн Metro 2033 видео тоглоомыг АНУ-ын THQ, Украйн улсын 4A Games компаниуд хамтран гүйцэтгэж 2010 оны 3-р сарын 16-ны өдөр Xbox 360, Microsoft Windows платформууд дээр худалдаанд гаргажээ. 2033 оны түүхийг залуу хүү Артём өгүүлэх агаад дэлхийн цөмийн дайны дараах аймшигтай үр дагаврыг тэрээр дүрсэлнэ. Амьд үлдэгсэд Москва хотын газар доорхи метроны зам дээр хоргодох ба цөмийн зэвсгийн уршгаар бий болсон аймшигт мутацууд, хүйтэн хөндий харанхуй, сөнөсөн үхмэл гадаад орчин нэлэнхүйд нь хүрээлнэ. Single-player горимоор тоглох боломжтой тус тоглоомонд S.T.A.L.K.E.R. тоглоомын эффект, хөгжүүлэлт сайжруулалтаас оруулж өгсөн ба тоглоомын эх романы хувьд Metro 2033 роман зөвхөн Орос улсад л гэхэд 2009 онд 400.000 хувь борлогдсон гайхалтай бүтээл ажээ.